Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын гүйцэтгэгчээр шалгарсан “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation”компанийн түншлэлийн төлөөллүүд түлхүүр гардуулах нөхцөлөөр 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих өндөр ач холбогдолтой төсөл юм.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:
-Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ган, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ
-УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно
-Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ
-Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ
-Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ
-Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ
-Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх юм.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж байгуулахад захиалагчийн техникийн хяналтыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Тус төлөвлөгөөний хүрээнд БНХАУ-ын Худалдааны яам болон Ханжоу бүсийн бага оврын усан цахилгаан станцын судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Electrification Mode based on Clean Energy for Belt and Road Countries” Олон Улсын сургалтанд СЭХҮТ ТӨААТҮГ-ын 14-н инженер техниийн ажилчдыг хамрууллаа.
© - СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ - Зохиогчийн эрх баталгаажсан.