Нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр

 In Мэдээ мэдээлэл, Таны танин мэдэхүйд

Дэлхийн улс орнууд хөдөө аж ахуйдаа сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглаж байна. Нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн цахилгаан үүсгүүр нь засвар үйлчилгээ бараг шаардлагагүй байдаг, ашиглалтын зардалгүй тул уг төхөөмжийг хэрэглэснээр малчдын өдөр тутмын худгаас ус татах шатахууны зардлыг хэмнэх ба үүгээрээ малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхийн зэрэгцээ эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй  технологи юм.

Мөн хөдөөгийн иргэд бэлчээрийг зүй зохистой, төлөвлөгөөтэй  ашиглах, хамтран усалгаатай хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж тэжээл бэлтгэх замаар өвөлжилтийн бэлтгэлээ сайжруулан малын хорогдлыг багасгах, бэлчээрийг экологийн  тэнцвэрт байдалд оруулан сэргээж амьжиргааны түвшингээ тогтвортой байлгахад түлхэц болно.

Манай орны говь хээрийн бүсийн  жилд нартай байх хугацаа нь 1600-2400 цаг ба жилийн нарны цацрагийн нийлбэр хэмжээ нь 1000-1400 кВт ц/м2 буюу 3600-5000 МДж/м  байдаг нь харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд  энэ нь НЦҮ-т ус өргүүр жилийн турш ажиллах үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг худагт суурилуулах гүн, усны хэрэгцээ зэрэгийг үндэслэж тооцоо хийн ус өргүүр, нарны цахилгаан үүсгүүр болон бусад тоноглолуудыг сонгож суурилуулалт хийдэг.

Нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн ангилал.

Хэрэв ус өргүүрийг цэнэг хураагууртай суурилууах тохиолдолд цэнэг хураагуурт маш их арчилгаа шаардлагатай. Учир нь цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа орчны температураас шууд хамаардаг. Цэнэг хураагуур болон бусад тоноглолыг халаалтгүй худгийн байшин дотор байрлуулдаг учир өвлийн улиралд сайн дулаалж байх, хэрэв ашиглахгүй тохиолдолд хурааж дулаан байранд хадгалж байх хэрэгтэй.  Манай орны хувьд цаг уурын хүнд нөхцөлтэй өвөлдөө -40°С, зундаа +40°С хүрдэг нь цэнэг хураагуурын амьдрах хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг.

Тогтмол хүчдлийн ус өргүүр: НЦҮ-ээр ажилладаг ус өргүүрийг нарны цахилгаан үүсгүүрээс шууд тэжээн ажиллуулахаас гадна найдваржилтийн үүднээс цэнэг хураагууртай суурилуулдаг. Ингэснээр шаардлагатай үед шөнө болон бүрхэг өдрүүдэд ус өргүүрийг ашиглах боломжтой юм. Тогтмол хүчдлээр ажилладаг ус өргүүр нь хувьсах хүчдлийн ус өргүүртэй харьцуулахад худгаас татаж гаргах усны хэмжээ нь харьцангуй бага ч нарны цахилгаан үүсгүүрийн үйлдвэрлэж байгаа тогтмол хүчдлийг шууд ашигладаг учир системийн ашигт үйлийн коэффициент өндөр байдаг.

Энэхүү ус өргүүр нь жилийн аль ч улиралд найдвартай ажилладаг болох нь Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт 40 гаруй сумуудад суурилуулсан туршлагаар нотлогдож байгаа ба ялангуяа хавар, зуны улиралд өдөрт 8-10 цаг ажилладаг, ус түрэлтийн өндөр нь 20 – 95 м,  зарцуулга нь  0,5 – 0,8 л/сек юм.

Дээрх худгуудад ус өргүүрийг суурилуулснаар өдөрт 10-12 тонн усыг ямар ч зардал гаргалгүйгээр худгаас татан авах ба энэ нь 2500 бог эсвэл  500 бод малыг усаар хангах бололцоотой. Ийм хэмжээний усыг бага оврын цахилгаан үүсгүүр ажиллуулж худгаас татахад 5000-7000 төгрөгийн шатахуун зарцуулна.

 

 

 

 

 

 

 

Хувьсах хүчдлийн ус өргүүр: Нарны цахилгаан үүсгүүрээр цэнэг хураагуурыг цэнэглэж түүнийгээ инвертерээр дамжуулан хувьсах хүчдэл болгон ус өргүүрийг ажиллуудаг систем юм. Манайд орны хувьд хувьсах хүчдлийн ус өргүүр суурилуулж байгаа тохиолдолд ихэвчлэн 220В-ын насосыг ашигладаг. Ус өргүүрийн зарцуулга нь  1 л/сек орчим байдаг. Хэрэв цэнэг хураагуурын цэнэг унаж ус өргүүрийг ажиллуулж чадахгүйд хүрвэл бага оврын цахилгаан мотороор ус өргүүрийг ажиллуулж болдог.

Сүүлийн үед хувьсах хүчдлээр ажилладаг ус өргүүрийг цэнэг хураагуургүйгээр шууд ажиллуулах технологийг гадны орнуудад ашиглаж байгаа ч манай оронд хараахан нэвтрээгүй байна. Энэ технологи нь нарны цахилгаан үүсгүүрийн тогтмол хүчдлийг инвертерээр дамжуулан 3 фазын 220В-ын хувьсах хүчдэл болгож ус өргүүрийг ажиллуулдаг.

Хувьсах хүчдлийн ус өргүүрийн схем.

Анхаарах зүйлс: Нарны эрчим хүчний төхөөрөмжүүдийг суурилуулахад анхны хөрөнгө оруулалт их шаарддаг ба суурилуулсны дараа зүй зохистой ашиглаж чадвал урт хугацаанд өртөг зардалгүй ашиглах боломжтой.

Гэтэл зарим тохиолдолд хэрэглэгчид тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар ашиглах, хэрэглэгчийн тооцоот ачаалалд үндэслэж тоног төхөөрөмжийг сонгож суурилуулсан байтал нэмж дур мэдэн хэрэглэгч холбох, арчилж тордохгүй байх зэрэг шалтгаанаас болж тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа богиносдог. Энэ нь ашиглалтын явцад төлөвлөгдөөгүй зардлыг гаргадгаас гадна тоног төхөөрөмж суурилуулсан байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлөх тохиолдол ч гардаг.

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search