In Мэдээ мэдээлэл, Таны танин мэдэхүйд

ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

          “Geothermal” гэдэг үг нь “geo” буюу хөрс, дэлхий ба “thermos” буюу дулаан гэсэн утгатай Грек үгнүүдээс бүтсэн нийлмэл үг. Үндсэндээ “дэлхийн дулаан” гэсэн утга илэрхийлэх бөгөөд дэлхийн дотоод дулаан буюу газрын гүний дулааныг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх гэсэн санаа юм.

          Газрын гүний дулааныг эхэн үедээ цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг байсан бол технологи хөгжихийн хэрээр ахуйн хэрэглээнд шууд болон шууд бусаар хэрэглэдэг болсон. Дулааны насос нь өөр физик шинж чанарыг үзүүлдэг учраас зарим тохиолдолд газрын гүний дулааны эрчим хүчний ангилалд багтдаг. Дулааны насосыг дулаан хангамжид ашигладаг. Харин газрын гүний дулааны системийг  өндөр ба нам температурын гэж ангилан олон төрлийн хэрэглээнд хэрэглэдэг.

          Зураг 1-ээс харахад газрын гүний дулааныг температураас хамааран цахилгаан, дулаан үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэл, хөлдөөх ба сэрүүцүүлэх, рашаан сувилал, барилгын халаалт, цас хайлуулах, хүлэмж, загасны аж ажуйд ашигладаг байна.

Зураг 1. Газрын гүний дулааны хэрэглээ.

          Газрын гүний дулааныг үүсэхэд хэд хэдэн физик хүчин зүйлүүд нөлөөлнө. Үүнд: цацраг идэвхит материалын задрал, галт уулын идэвхижил болон газрын хөрсөнд шингэсэн нарны цацраг зэрэг орно. Газрын гүний дулааны эрчим хүч нь цэвэр, сэргээгдэх, мөн тогтвортой эрчим хүчний эх үүсвэр гэдгээрээ ногоон эрчим хүчний төрөлд багтдаг төдийгүй бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс илүү эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг нь 2016 оны эрчим хүчний үнийн судалгаанаас харагдана.

Хэд хэдэн боломжит газрын гүний дулааны эх үүсвэрүүд байна. Үүнд:

  • Хөрсний дулааныг ашиглах,
  • Дэлхийн гадаргаас хэдхэн метрийн гүнд орших халуун усны болон хад чулуулгийн дулааныг хэрэглэх,
  • Дэлхийн гүн дэх халуун магмын өндөр температурыг ашиглах зэрэг багтана.

          Эрдэмтэдийн тооцоолсноор дэлхийн царцдасын хад чулуулгийн температур 1км–ийн гүнд 200°С–ээс их байдаг байна.  Галт уулын идэвхжил ихтэй бүс нутгууд, халуун рашаан болон гейзерүүдийн орчимд газрын гүний дулааны нөөц их байна .

ХЭРХЭН ДЭЛХИЙН ДУЛААНЫГ АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

          Газрын гүний дулааны станцууд нь газрын гүн дэх халуун ус болон уурыг ашиглан турбиныг эргүүлэх замаар цахилгаан үүсгүүрийг ажиллуулж цахилгаан, дулаан үйлдвэрлэнэ. Газрын гүн рүү цооног өрөмдөж, хоолойнуудыг суулган газар доорх усан сантай холбоно. Одоогоор ашиглагдаж буй станцууд нь флаш уурын станц (flash steam plant) гэж нэрлэгддэг. Эдгээр станцууд нь 182°С-ээс дээшхи өндөр температуртай халуун усыг ашигладаг.

          Газрын гүнээс гарч ирж байгаа халуун ус гадаргуу дээрх төрөөрөмж рүү орох үед усны даралт унах ба буцалж уур үйлдвэрлэнэ. Энэ уур нь кинетик энергийг үүсгэн турбиныг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэнэ. Үлдсэн ус болон чийглэг уур нь буцаад усан санруу эргэлдэнэ. Газар доорх ус дулаан солилцуураар дамжин өөр ажлын шингэнийг халаана. Үүнийг хосолсон систем гэж нэрлэнэ. Ажлын шингэн нь уур болон хувирч турбиныг эргүүлнэ.

Зураг 2. Исланд улсын Nesjavellir газрын гүний дулааны цахилгаан станц.

          Хосолсон систем нь усны буцлах температураас нам температурт буцалдаг ажлын шингэн ашигладаг учраас усны температур нам (107°С – 182°С) газруудад ашиглаж болно.

          Станцын өөр нэг төрөл нь хуурай уурын станц юм. Энэ станц нь газар доорх өндөр даралттай уурыг ашиглах бөгөөд энэ уур нь турбиныг шууд эргүүлнэ.

Зураг 3. Газрын гүний дулааны уурын станцын ерөнхий схем.

          Газрын гүний дулааны нөөцийн хувьд дунд-температуртай ус нь илүү түгээмэл байдаг. Тиймээс ирээдүйд хосолсон төрлийн газрын гүний дулааны станцуудыг илүү ашиглах төлөвтэй байна.

 

Recent Posts

Leave a Comment