In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

“Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг Эрчим Хүчний Яам болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”, “ БНСУ-ын “Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн”, Монгол Улсын Эрчим Хүчний Зохицуулах Хороо, “Азийн Супер Сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм

Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний форумыг 2011 оноос БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн сэргээгдэх эрчим хөгжил, хэтийн төлөв, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүдийг сургах, маркетинг, менежментийг сайжруулах зэрэг олон сэдвийн хүрээнд зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.

Форумыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Дэлхийн оршин суугчдын өмнө эрчим хүчний шилжилтийн асуудал тулгамдаж байна. Хүн төрөлхтөн өнгөрөгч зуунд нүүрстөрөгчийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Нүүрстөрөгчийн түлшийг их хэмжээгээр хэрэглэснээр байгаль орчныг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэн гаргах нэг хувилбар бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал юм. Гэвч Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хоёр асуудал тулгараад байна. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой бус учраас манай системийн горим тохиргоо, эрчим хүчний найдвартай аюулгүй ажиллагаанд нөлөөлдөг. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф нь харьцангуй өндөр. Тиймээс энэ хүндрэлийг арилгах, хууль эрхзүйн орчинг сайжруулахаар бид ажиллаж, тооцоо судалгаа хийж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж бүрэн бий. Үүнийг бид зөвхөн дотооддоо ашиглах биш хөрш орнууд, бүс нутгийн орнуудтайгаа хамтран ашиглах шаардлагатай” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн Азийн супер сүлжээний хүрээнд манай орны нөөцийг ашиглах талаар олон улсын хэмжээнд яригдах болсон. Хэрвээ бид Aзийн супер сүлжээ олон олон улсын төслийг хэрэгжүүлж чадах юм бол зүүн хойд азийн Солонгос, Япон зэрэг орнууд руу нар салхины эрчим хүчийг экспортлох боломжтой. Энэ чиглэлээр тодорхой санаачилгыг өрнүүлээд байгаа талаар хэлж байсан юм.

 

Форумд Монгол Улс, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Шриланк, Ирак, Япон, Бутан зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, эрдэмтэд судлаачид болоод гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.

 

 

Эх сурвалж: http://energy.gov.mn/

Recent Posts

Leave a Comment